2012-01-28
Хүн хэдийд хөгширдөг вэ ?
 
Яанаа 30 нас хүрлээ, хөгшир ч бн шүү. 40 хүрлээ, хөгширсөн намайг одоо хэн ч тоох билээ. Үгүй ер, хөгшир ч үхэх гэж байж ? Хөгшир ч бн шүү , одоо залуу байгаа дээрээ юм юм үзэж , зугаацаж амжих хэрэгтэй.
.... Шинэ жилийн баяраа тэмдэглэж байгаа олон хүмүүс гэнэт өөрийгөө анзаар ч, сэтгэлээ зовоож шаналж эхэлнэ. Ажил амьдрал, хайр дурлал, эрх мэдэл, өнгө мөнгөний төлөөх урсгал дунд юуц ч анзаарах сөхөөгүй явж байснаа, нүүрэн дэх нэгэн үрчилээс , санчиган дахь нэгэн хярууг анзаарах дор гэнэт "хөгширч " байгаагаа анзаарна. Туулж өнгөрүүлсэн амьдралын нугачаанд өөртөө бий болгосон сэтгэлийн их бядаа анзаарахгүй хэрнээ нүүрэнд гарч буй өөрчилөлтөө л их анзаарах аж.
Юу юунаас илүүтэй хөгширч хэнд ч хэрэггүй болох нь гэсэн айдасдаа дарагдаж эхэлэх. Мөнхөд залуу явах шиг хөөрүү омголон насандаа хэзээч хөгширөх тухай бодож явсангүй болхоороо гэнэт цочирдоно. Дурлалдаа шатаж, дуу хуур, инээд баясалдаа цэнгэж явах тэр үед нь тааралдах настай хүмүүсийг мөнхөд л хөгшин байсан юм шиг санан хөөрхнийдөө энэ хөгшин хэмээн өрөвдсөн хэрнээ жаргалдаа мансууран мартаж тэр л цагийг гэнэт эргэн дурсах. Өөрсдийн өвөө эмээгээ хүртэл төрхөөсөө л ийм л байсан юм шиг санадаг байсан төсөөллөө эргэн нэг санах. Сэтгэлийн гүнд бус мухарт хадгалагдан үлдсэн тэр л ахмад настангуудын төрх өөрт нь айсаж явааг мэдрэхдээ сэтгэлд нь айдас шаналал хургах аж.
ХҮН ХЭЗЭЭ ХӨГШИРДӨГ ЮМ БОЛ ? НАСНЫ ДОРОЙТОЛ ..........
...... Хүнии бие организм маш гайхалтай бүтэц, ид шидтэй ч цаг хугацааны урсгал дор элэгдэж мууддаг. Яг л бидний унаж яваа машин шиг, эдэлж хэрэглэж байгаа бүх юмс, хувцасны нэгэн адил. Бидний унаж яваа машин хуучрах тусмаа эвдрэл нь ихдэж, бензин тос ихээр хэрэглэж , тохь тух нь муудах хэрээр голж солих хэрэгтэй болдог. Туун лугаа адил хүмүүний бие организм цаг хугацааны дунд бас элэгдэж эмтэрдэг. жил өнгөрөх тусам нүүрэнд нь үрчилээ сууж , нүдний гал сүүмийж, санчиганд нь буурал хяруу бууж , шүд нь ширхэг ширхэгээр цөөрөх нь хорвоогын жам,  насны элэгдэл. Хичнээн ихээр хүсэж мөрөөдөөд ч хэн ч юу ч үүнийг зогсоож үл чадна. Хурц ирмэгтэй хатууу ч гэрнээ үзэсгэлэнт чулуу голын хүчит урсгал дунд аажим аажимаар элэгдэж, бөөрөнхий болох хувирдагтай агаар нэгэн адил. Энэ бол цаг хугацааны элэгдэл. Гагц үүнийг хэн ч юу  ч өөрчилж үл чадна.
Хүн болгон эхээс төрөхдөө нялхаараа байж , хүүхэд насандаа бүхний хайр өхөөрдлийг татаж, өсвөр насандаа ээж ааваа заримдаа баяруулж заримдаа бухимдуулж идэр залуу насандаа өөрийгөө тоож мөнхөд залуу байх юм шиг томоогүй аашилж өтөл насандаа ухаан сууж томоожиж алив зүйлд хянуур хандан, хөгшин насандаа буцаад л хүүхэд шиг гомдомхой хэрнээ цагаахан болох хувирдаг нь хорвоогын жам гэнэм.  Хүн болж төрсөн хэн болов ч энэ жамыг дагах. Баян байлаа гээд, ухаантай байлаа гээд, бусдаас илүү гоо сайхан хөөрхөн байлаа гээд, хааяа бусдаас зөрүүдлэн хамаг л алдаа оноог өөр дээрээ үүрч явлаа гээд, бас тэнэгтэж бусдыг гомдоон цөхрөнгийг нь барж байлаа гээд ч энэ л жамыг хэн ч сөрөхгүй. Насан өндөр болсон буурай санаа байв ч сачий хүрэхгүй тавиландаа анхандаа гутран гунивч аажим аажмаар дасчм цаг цагийн урсгал дахь хорвоогийн жамтай эвлэрдэг. Нэгэн цэгээс эхэлж нэгэн цэгт дуусдаг амьдрал бүхэн өөрийн тавилантай. Бас эхлэл төгсгөлтэй. Өдгөө хажуугаар нь гарахдаа өрөвдөн хайрлан тэр өтөл буурлууд, яг л чиний залуу насан дээр чамаас ч илүү эрэмгий, тэгш сайхан мөртэй, нүүр дүүрэн баясалтай, шүд дүүрэн инээмсэглэлтэй, хажуугаар нь зөрөөд өнгөрөх хэн болов ч эргэж харан шүүрс алдам сайхан залуус байсан байж болох.  Тэр л үрчилээтэж нулимс гүйсэн нүүр болон харц нь залуу цагтаа ямархан булбарай энхрий арьстай нүүр, харсан бүхэн зог тусам анзаармаар тормогор хархан хэрнээ аальгүйдүү нүд байсаныг хэн мэдэх. Таяг тулсан хөл нь , бөгтийж дарсан нуруу нь цагтаа ямархан гоо үзэсгэлэнгийн дээд, гунхаж сунаж алхах нь талын цэцэгсийг ганхуулам бардам омголон байсаныг хэн үгүй гэх.  Харин тэд өдгөө өөрийгөө л тоож бусдыг голон алхах  залуус та нарыг харахдаа  тэртээ нэгэн цагт яг л чам шиг омголон бардам явсан залуу насаа дурсаж,  алдаа онооны дэнсээ эргэн харж,  чамруу өрөвдөж хайрласан харцаар хардаг юм. Ороо морь шиг омголон залуу нас, цаг хугацааны урсгал дундах их ухаан, ухаарлын өтөл насны ялгаа энд л оршидог юм.
СЭТГЭЛИЙН ДОРОЙТОЛ.........
Монголчууд бид залуу насандаа суралцаж ажиллаж, хөгжиж тэвшиж , хийж бүтээж явсаар нэгэн цагт хуулийн дагуу ТЭТГЭВЭР -т гардаг. Нэг ёсондоо "та их зүйл хийжээ, одоо амарч жарган суудаа" гэж ТӨР нь халамжилж байгаа хэрэг юмуудаа. Харин тэр халамжинд нь хамаг учир байгаа юм. Хамаг л залуу насны ааг омог, хүч чадал, хичээл зүтгэлийнх нь хариуд, хөгширч доройтох цаг дор хоногийн хоолонд хүрэхтэй үгүйтэй "тэтгэвэрийн мөнгө, эх оронч" үгтэй хөөргөн магтаал, төрийн төмөр шагнал болон цаасан талархал сэтгэлийг нь аргадана. Хоосон магтаал, элдэв шагналаар ходоод болон сэтгэл нь цадахгүй болохоор, залуу насны хамаг хүч хөдөлмөр зүтгэлийг нь дэндүү хямдхан үнэлдэг болохоор Монголын минь өндөр настангууд нэг цутруухан бас дундуухан аж төрцгөөнө.  Залуу насандаа ДААТГАЛ-д төлсөн мөнгө нь хэзээ юуны нөхөөсөнд шингэж орсоныг үл мэдэх болохоор  өндөр хөгжилтэй орнуудийн өндөр настангуудтай адил тансаглаж үл чадах. Юу юунаас илүү нэгэн цагт хамтдаа ажиллаж ээгнэгшин дассан хамт олонооос нь гэнэт хүчээр салгаж орхихоор нэгэн хэсэгтээ л хэнд ч хэрэггүй болсон гэх бодолд бүдчин шаналж энэ хэрээрээ  улам хөгширч орхих мэт.
ЗАЛУУГААРАА ХӨГШРӨХҮЙ..........
.......Хүний амидралд бүх л зүйл болох ёстой цаг хугацаандаа л болно.30 нас бол ид залуу нас.40 нас бол амьдралд өөрийн өнгөөр цэцэглэх нас. 50 нас бол ухаан сууж тэгширэх нас. Өндөр хөгжилтэй орны иргэд ид залуу насан дээрээ өөрийгөө хөгжүүлж, өөрийгөө таньж, бас нээж хэнээс ч хамааралгүйгээр өөрийн амьдралаа авч явж чадах насан дээрээ гэр бүл зохиодог. Энэ нь ихэвчилэн 30-40 түүнээс дээш нас байх нь элбэг. Тэгэхээр Монголчууд бид ийм насан дээр тэвдэх хэрэг юун.Бидний ийм араншинд алив зүйлийг гаднах өнгөнөөс нь харан дүгэндэг базаахгүй зан нөлөөлдөг. Бид бие биенийхээ нүүрэн дээрх нэгэн үрчилээс, санчиганд буусан нэгэн хяруугаар гоочилох хэрэг юун.  Сэтгэл рүү нь өнгийж хар.Бие биенийхээ сэтгэл рүү нь өнгийж чадахгүй хэрнээ нүүр рүү нь харж элдэвээр өөчлөн хөгширүүлэх хэрэг юун. Сэтгэл гэдэг эмзэг. Ид залуугаараа би ч хөгшир ч байндаа гэж бодох дор шууд л хөгширч эхэлнэ. Эргэн тойрноо уйтгарлаж шаналсан харцаар харж эхлэх дор нүүрэнд тань мянган үрчилээс тодорч эхлэх болно. Үгээ зөөж бодлоо албадаж эхлэх дор олон залуус таныг та гэж гуайлах болно. Алхаагаа хянаж алдаандаа шаналж гутрах дор нэг мэдэхэд таяг тулах хэрэгтэй болно. Өглөө болгон толины өмнө өөрийгөө сонжиж , өрөөл бусадтай харьцуулан шаналах хэрэг юун. Сэтгэлээ чагна. Сэтгэлээ үргэлж залуугаараа байлгаж чадвал чи хэзээ ч хөгширөхгүй. Үрчилээтэх вий гэж нүүрээ шинжихээс сэтгэлдээ сууж буй бяд-аа шинж. Ухаанаа ямарт сэлбэ. Уншиж, үзэж, амьдралын гэрэл гэгээг ямагт мэдэрч сэтгэлээ цэнэглэх аваас чиний сэтгэл ямагт өөдрөг залуу байж чадна. Амьдралийн сүүдрийг мэдэрч айдас шаналгаанд автах аваас чи хурдан хөгширөх болно. Чи толинд өөрийгөө хардаа. Ямар залуухан өнгөлөг харагдаж байна гээч.Амьдрал ямар их сайхан зүйл болохыг, сайхан сэтгэл хүнд ямар их баяр баясал авчирдаг болохыг мэдэрч байхдаа чи хэзээ ч хөгширөхгүй. Амьдралд учирах зовлон шаналлыг тавилан гэж хүлээж авахдаа, хэн нэгэнд гомдсон сэтгэлээ уучилж чадна гэж хэлж байхдаа, сайхан бүхэн өмнө минь бий гэж бодож байхдаа чи хэзээ ч хөгширөхгүй. Хайр гэдгийг аз жаргал гэж мэдрэхдээ, хагацал гэдгийг түр зуурынх гэж ойлгохдоо, хүсэл гэдгийг зорилго гэж төсөөлөхдөө чи хэзээч хөгширөхгүй. Мөнхийн мөнхөд залуугаараа байх болно.
ТЭГЭЭД ХЭЗЭЭ ХӨГШИРДӨГ ЮМ БЭ ГЭЖ ҮҮ ? Чи өөрийгөө "БИ Ч ХӨГШИР Ч Б
АЙНДАА "гэж бодож эхлэх тэр цагаасаа л эхэлж хөгширдөг юмдаа.

Бичсэн: L | цаг: 22:26 | Бусад зүйлс
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax